Гай Кавасаки: Би Стив Жобсоос юуг сурсан бэ?

Технологийн ертөнцийн домог болсон бие хүн бол Стив Жобс билээ. Түүний тухай маш олон ном товхимол бий. Харин энэ удаа бид Apple компаний анхны програм зохиогч нарын нэг байсан Гай Кавасакигийн дурсамжаас хүргэж байна. Тэр дараах 12 зүйлсийг Стив Жобсоос суралцсан гэжээ.
Экспертүүд өөрсдөө юм хийж чаддаггүй
Төрөл бүрийн салбарын экспертүүд ярьсан шигээ хийж чаддаггүй. Тэд таны бүтээгдэхүүнд юу буруу байгааг зөвлөдөг ч өөрсдөө хэзээ ч сайн бүтээл гаргаж чаддагүй. Тэд танд хүчтэй баг яаж бүрдүүлэхийг зааж чадах ч өөрсдөө нарийн бичгийн даргаас дээш ажиллах чадваргүй байдаг. Тиймээсэкспертүүдийг сонсох хэрэгтэй, гэхдээ үргэлж биш.
Хэрэглэгчид чамд юу хэрэгтэй болохыг хэлж өгдөггүй
Үнэндээ Apple-д зах зээлийн судалгаа гэж огт байгаагүй. Ийм үйл ажиллагаа хэрвээ байсан бол Стивийн тархин дотор л өрнөдөг байсан байх. Хэрвээ хэрэглэгчдээс тэдэнд юу хэрэгтэй байгааг асуувал тэд “илүү хурдан, илүү сайн, илүү хямд” л гэх байсан. Гэхдээ энэ нь нэгэнт байгаа бүтээгдэхүүнийг сайжруулах тухай болохоос хувьсгал хийх зүйл огт биш байлаа. Тиймээс сайн бүтээгдэхүүн гаргая гэвэл Стив, Возняк нар шиг өөрсөддөө зориулж бүтээл хийх хэрэгтэй.
Нэгэнт хоцорсон бол дараагийн үеэс орох хэрэгтэй
Нэгэнт бий болсон зүйлийг алгасч дараагийн бүтээгдэхүүнийг хийснээр ялалтанд хүрдэг. Том компаниуд цэгэн принтер, түүнд зориулсан шинэ фонт, тэмдэгтүүд бүтээж байхад Apple дараачийн үеийн хэвлэгч болох лазер принтерийг сонгосон юм. 19 дүгээр зууны дунд үед хөргөлтөнд зориулж мөсийг их хэмжээгээр олборлодог байснаа хөргөгч бүтээгдэхэд энэ бизнес орвонгоороо эргэснийг санах хэрэгтэй.
Толгой зовоосон ярвигтай ажил хамгийн сайн үр дүнд хүргэдэг
Би тэр үед Стив миний хийсэн ажлыг эсвэл намайг хэрэггүй хог гэж хэлэх вий гэдгээс байнга айдаг байлаа. Ингэж айснаар би толгойгоо илүү их ажиллуулахад хүрдэг байв. Эхлээд IBM-тэй, дараа нь Microsoft-той өрсөлдөхийн тулд бид маш их ажилласан. Мэдээж дэлхийг өөрчлөхөд хүмүүс бүр ч их толгойгоо ажиллуулсан байх.
Дизайн маш чухал
Стив дизайны өндөр шаардлагаараа хамт ажиллаж байгаа хүмүүсийг хашраадаг байв. Түүний хувьд хар өнгө бол зүгээр нэг хар биш. Энгийн хүмүүст хар бол хар л байдаг. Стив хэт их төгс төгөлдөрт дурлагч байсан. Гэхдээ түүний зөв байв. Нэг хэсэг хүмүүст дизайн амин чухал бол бусад нь ядаж дизайныг нь тодорхой хэмжээгээр таашаадаг нь Apple-д татагдах шалтаг байлаа.
Том зураг, том хэмжээтэй текстэнд буруу байхгүй
Стивийн илтгэлүүдийг хараарай. Фонтын хэмжээ нь 60. Нэг слайданд ганц том зураг харагдана. Харин бусад илтгэгч нарын слайд ганц ч зураггүй, фонтын хэмжээ нь 8 байх нь түгээмэл. Гэтэл хүмүүс Стивийг бүтээгдэхүүнээ хамгийн сайн танилцуулдаг гэж шагшдаг. Хэрвээ тийм л юм бол яагаад энэ хэв маягийг бусад хүмүүс хуулж чадаггүй юм бол?
Харах өнцгөө солих чадвар нь ухааны царааг харуулдаг
Анх iPhone гаргаж байхад аппликэшн гэж ойлголт байхгүй байлаа. Стив хэлэхдээ өөр этгээдийн хийсэн програм Apple-ын утсан дээр ажиллах нь дэмий зүйл гэдэг байв. Ганц хэрэглээ нь Сафари броузерт зориулсан аппликэшн гэж харж байлаа. Гэвч хагас жилийн дараа Стив бодлоо огцом өөрчилж аппликэшний дэлгүүр нээхээр болсон юм. Мэдээж үүний дараа ямар амжилтанд хүрснийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
“Үнэ” болон “Үнэ цэнэ” ялгаатай
Хүн ямар нэг барааг худалдаж авахдаа зөвхөн хямд үнэ хардаггүй. Үнээс илүү чухал зүйлс байдаг. Үнэ цэнэ нь хүмүүсийн сэтгэл ханамж, таашаал, чанар, ашиг тусаас бий болдог. Нэг үгээр хэлбэл Apple-ын бүтээгдэхүүнийг үнэ хямд гэсэн шалтгаанаар хүмүүс худалдаж авдаггүй.
А ангиллын тоглогч А+ ангиллын хүмүүсийг ажилд авна
Стив хүн ажилд авахдаа өөртэйгээ ижил түвшний мэргэжилтнийг авах буюу А ангиллын тоглогч А ангиллын хүн авна гэсэн бодлого барьдаг байв. Би харин үүнийг нь бага зэрэг засварлаж өөрөөсөө илүү хүн авах зарчим барьдаг болсон. Хэрвээ B ангиллын хүн авбал тэр нь C ангиллын хүн авах зэргээр уруудаж эхэлнэ. Үүнийг Стив bozo explosion (түргэн хугацаанд олон тооны сул хүмүүстэй болох) гэдэг байлаа.
Жинхэнэ CEO бүтээгдэхүүнээ танилцуулж чаддаг байх ёстой
Стив бүх бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг жилд 2-3 удаа олон сая хүний өмнө хийдэг байсан. Ихэнх CEO нар энэ үүргийг бусад захирлууддаа хуваарилдаг. Шалтгаан нь уг бүтээлийг түүний удирдсан баг, хамт олон хийсэн гэдгийг харуулах гэж үү? Магадгүй. Гэвч үүнээс илүүтэй хэрвээ CEO нь бүтээгдэхүүнээ сайн танилцуулж чадахгүй байвал тэр өөрийнхөө компанийг юу хийдгийг сайн мэддэггүй гэсэн үг байх.
Жинхэнэ CEO бүтээгдэхүүн гаргаж чаддаг байх ёстой
Бүх бүтээгдэхүүнээ гарах эцсийн шат хүртэл Стив оролцдог байсан. Бүтээгдэхүүн болгон нь амжилт олдог байгаагүй ч хийсэн бүхэн нь заавал сонирхол татахуйц болдог байлаа. Эндээс харвал Стив зүгээр л нэг юм бүтээх хорхойтон байгаагүй, түүнд зах зээлийн том тоглогч болох зорилго байсан юм. Apple бол судалгааны компани биш, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани байв.
Маркетингийн зорилго – давтагдашгүй үнэ цэнийг санал болгох
Та дотроо 2х2 гэсэн хүснэгтийг төсөөл. Хэвтээ тэнхлэг нь таны бүтээгдэхүүний бусдаас ялгарах онцлогийг харуулна. Босоо тэнхлэг нь таны бүтээгдэхүүний үнэ цэнийг хэрэглэгчийн өнцгөөс харуулна. Хэрвээ бүтээгдэхүүн тань баруун доод буланд байвал үнэ цэнэтэй, гэхдээ онцгой зүйл байхгүй буюу та үнээр өрсөлдөж байна. Зүүн дээд буланд байвал онцлог боловч үнэ цэнэгүй буюу хэрэгцээгүй бүтээгдэхүүн гаргажээ. Зүүн доод буланд байвал үнэ цэнэгүй, онцгой зүйлгүй юм хийсэн буюу танд ирээдүй алга гэсэн үг. Баруун дээд буланд байвал онцгой, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн буюу та мөнгө хийж бас түүх бүтээж чаджээ гэсэн илэрхийлэл.
Жишээлбэл iPod-ын үнэ цэнэ бол АНУ-д хууль ёсны, хямд үнээр, хялбар аргаар хамгийн том зургаан хөгжмийн компанийн бүтээлийг сонсох, хэрэглэх боломж байсан юм.
Дэлхийг өөрчлөх үйлс, олон хүний харах өнцгийг өөрчлөхөөс эхэлдэг. Энэ бол миний Стив Жобсоос сурсан хамгийн чухал зүйл байлаа.

















Comments